Sunday, January 16, 2011

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Гэрлээ охины хувь заяаг шийдэхээр нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа орьё гэж боджээ. Гунигтайхан сэтгэл нь таагүй байлаа..
Гэрлээ сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсаар байлаа. Орчиндоо юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын үзүүрт суув. Суусныхаа дараа л нөгөө буланд өөрийнх нь үеийн нэгэн охин сууж байгааг анзаарчээ. Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байв. Гэрлээ “ энэ охин над шиг л тааруу дүн авсан учир гэртээ орж чадалгүй номоо уншиж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуулгүй эргэн бодлогшров. Өөрийгөө ангийнхаа Цэцгээтэй харьцуулан бодов. Өнгөрсөн жил ээж аавынх нь авч өгсөн бичгийн ширээ нь хэрэглэхэд үнэхээр урамтай байгааг Цэцгээ сайрхан ярьдаг гэнэ. Гэрлээ “ надад ч бас ийм сайхан боломжууд байсан бол онц сурах л байсан” гэж бодлоо. Гэтэл тэднийх хоёрхон өрөө байшинд амьдардаг тул Гэрлээ дүү нартайгаа цуг нэг өрөөнд нь байдаг. Аав ээж хоёр нь боловсролоор тун тааруу тул хичээлд нь нэмэр болно гэж байхгүй гээд түүнд хүндрэлтэй асуудлууд олон байлаа.
Гэрлээ энэ бүх бодлоосоо салахын тулд хажууд суугаа охинтойгоо яриа өдөж эхэллээ. Чи юу уншиж байгаа юм? Гэхэд охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдаг, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болох хүсэлтэйгээ хүртэл Гэрлээд ярьжээ. Энэ үед охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн шилдэг нь гэдэг тодорхой байлаа. Тэрээр өнгөрсөн жил сургууль завсардсанаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Гэрлээ гайхан яагаад сургууль завсардсаныг нь асуух гэтэл тэндээс нэгэн эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч ирээд:
Алив миний охин, ээж нь сандалыг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно гээд охиныг өргөн сандал дээр нь эвтэйхэн суулгав. Гэрлээ охин юу хэлэхээ мэдэхгүй дэмий л баяртай гэж арайхан хэлжээ. Охин ч баяртай гээд сайхнаар инээмсэглэв.
Гэрлээ хэсэг зуур хөдлөх ч үгүй яг л хөшөө шиг болж орхив. Өдрийн туршид тааруу дүн авсан шалтгаанаа амьдралын боломж энэ тэр шалтгуудаас боллоо гэж бодож байжээ. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон гутарсан шинжгүй, ирээдүйгээ төлөвлөж суудаг.......Гэрлээ өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан алхлаа.
Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхэллээ. Гэрлээ одоо амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан ажээ.

No comments:

Post a Comment