Tuesday, March 29, 2011

БИДНИЙ ТАРЬСАН УРШИГ САНСРААС Ч ХАРАГДДАГ

Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой болж байна. Ойн баярт ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков нарын сансрын нисэгчид ирж оролцож байгаа юм.


“Союз-39“ хөлгийн дарга, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хамтран нисэгч В.А.Жанибековтой цөөн хором ярилцлаа.
- Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
- Миний хувьд хөвгүүдийн л нэгэн адил ном унших, зураг зурах, гэрэл зураг авах, техник, спорт гээд юм юм л оролдож сонирхдог байлаа. Багадаа зураг зурах дуртай байсан бол жаахан томроод ирэхээрээ гэрэл зураг сонирхдог болсон. Би 9 настай байхдаа өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай болсон байсан. Тэрнээс хойш насан туршдаа гэрэл зургийн аппаратаас салаагүй явна. Би бас хүндийн өргөлтөөр хичээллэж байлаа. Туйвангаа өргөвөл ялдаг, өргөж чадахгүй бол ялагддаг. Ингээд л болоо. Хэний ч нүүрийг цохихгүй, хэнийг ч гэмтээх хэрэггүй, сайхан спорт. Ахлах ангид ороод ирэхээрээ радио сонирхогчдын эгнээнд орж, одон орон сонирхож, телескоп хүртэл хийж байлаа. Сүүлдээ сансарт нисэхийг ч мөрөөддөг болсон.