Wednesday, January 5, 2011

Эхийн сэтгэл

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг цасан гоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлэхэд нь итгэдэг байжээ. Охин цав цагаахан царайтай, мойл хар нүдтэй гэнээ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд нь итгэсэнгүй, учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд яалт ч үгүй бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа, нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядах сэтгэлээр солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг хайрлах хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн, охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуйн дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга л байлаа. Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохгүй амьдрах болов. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга нь оргүй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан эмчийг тэврэн авч Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна. Миний нүүрний өө сэв үлдсэнгүй, та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь:
Үгүй охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээгээд инээмсэглэжээ.