Saturday, March 19, 2011

Испаний алдарт зураач, романтизмын сод төлөөлөгчдийн нэг Франциско Хосе де Гойя


Испаний алдарт зураач, романтизмын сод төлөөлөгчдийн нэг Франциско Хосе де Гойя 1746 оны гуравдугаар сарын 30-нд Испаний Фуэндетодос гэдэг жижиг тосгонд төржээ. 


Улмаар 1760 онд тэдний гэр бүл Сарагос тосгон руу нүүж бяцхан хүү Лусана-и-Мартинесын урланд шавь орсон байна. Гэвч хэдэн жилийн дараа сахилгагүй зураач маань зодоонд оролцож эвгүй байдалд орсноор Сарагосоос зугтаж 1766 онд Мадрид хотод нүүж иржээ. Сохорсон биш завшив гэдэгчлэн энд ирсэн хойноо Гойя ордны зураачдын бүтээлүүдтэй танилцсанаар өөрийн бүтээлээ илүү боловсронгуй болгож, Мадридын уран зургийн академид элсэн орох найдлага өвөртлөн академийн зургийн уралдаанд оролцжээ. Харамсалтай нь амжилт олоогүй тул Итали руу нүүжээ. Үргэлж л адал явдалд өртөж явдаг Гойя энд байхдаа ч мөн эвгүй байдалд орсон нь шөнө дунд эмэгтэйчүүдийн сүмээс найз бүсгүйгээ хулгайлах гэж оролдож байгаад баригдсанаар Римыг орхих болов.

Гойя 1773 оны үеэр Мадридын ордонд IV Карл, хатан хаан Мария Луизагийн зураач байсан өөрийн найз Франсиско Байеу-нд суурьшиж түүний урланд нь ажиллах болжээ. Франсиско Байеу Гойяг охин дүү Хосефатайгаа танилцуулснаар залуу хос  хоорондоо дурлаж удалгүй гэрлэжээ. Хосефа таван хүүхэд төрүүлсэн боловч харамсалтай нь бүгд эндэж Хавьер Педро хүү нь л эсэн мэнд үлджээ. Гойяд өөрийн хайртай эхнэр Хосефаг зурсан нэг л зураг байдаг.

Франсискогийн Байеу-н заавраар 1776-1780 онуудад ордны ханыг гобелен (гар нэхээсэн хивс)-р чимэх 45 модон хавтан хийснээр үйлдвэрт байнгын ажилтай болов. Энэ ажлуудаараа Гойя алдар нэрийг олжээ. 1780 онд Гойя ордонд зураачаар орж, хааны хөрөг зургууд болон  “Загалмай” гэдэг зургаа зурж  Хааны академийн гишүүн болсон байна. 1786 оноос албан ёсоор ордны зураач болж III Карл нас барсны дараа IV Карлын үед ч үргэлжлүүлэн ордны зураачаар ажилласан юм.

1792-1793 онд Гойя өвчинд нэрвэгдэн үр дүнд нь сонсголоо алдав. Эдгэрэх үеэрээ 1793 онд өөрийн анхны томоохон “Каприичос” сийлбэр зургийн цуврал бүтээлээ бүтээжээ. Энэ цуврал ажлаа 1799 онд дуусгасан гэдэг.

1808 онд Испани Наполеонд эзлэгдэх үеийн үзсэн харсан бүхнээ Гойя дайны дараа “Хоёрдугаар сарын хоёрны бослого”, “Тавдугаар сарын гурван” гэсэн хоёр том бүтээлдээ тусган зурсан юм. Энэ хоёр зургийн агуулга, илэрхийлэл болон сэтгэлийн их хүчийг дүрслэн харуулсан байдал нь дайны айдас хүйдсийг дүрслэхийн үлгэр дууриал болж сэдэв, арга барил, зорилго нь аль ч талаасаа хувьсгал хийсэн анхны агуу бүтээл мөн Европын урлагийг шинэчлэлд уриалан дуудсан гэж судлаачид үздэг.  Түүний уран бүтээлд хааны гэр бүлийн хөргүүд, дээдсийн хөрөг нэлээд байр суурийг эзэлдэг юм.

Хамгийн алдартай хоёр бүтээл нь 1797 онд зурсан "Нүцгэн Маха", 1803 онд зурсан "Хувцастай Маха" нь юм. Энэ хоёр зураг тухайн үедээ барууны урлагийн түүхэн дэх нүцгэн эмэгтэйг дүрслэн амьдралын хэм хэмжээг гажуудуулсан, гутаан доромжилсонд тооцогдож байв.

Үүгээрээ Гойя мөн л өөрийн шинэ урлагийг бий болгосон юм. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд тосон будгийн болон ханын томоохон бүтээлүүд хийсэн нь голдуу ид шидийн, түүхийн эсвэл дайны сэдэвтэй зургууд байдаг.

Эдгээрийн нэг нь "Сату өөрийнхөө хөвгүүдийг идэж байгаа нь" гэх аймшигтай нэртэй бүтээл юм. Энэ зураг нь хүүхдээ идэж буй Сатурн тэнгэрийн тухай эртний Грек-Ромын домгоос сэдэвлэсэн зураг билээ. Испанийн төдийгүй барууны урлагийн бахархал болсон Франциско Гойя 1828 онд насан өөд болсон юм. 





No comments:

Post a Comment