Friday, February 11, 2011

Исаак Ньютон /Түүх намтар/

Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут Английн физикч, математикч, философич. Бүх үеийн хамгийн шилдэг эрдэмтэн Исаак Ньютон Английн Вулсторп хотноо 1642 онд эцгийгээ өнгөрсний дараа мэндэлжээ. Дунд сургуульдаа тааруухан дүнтэй суралцаж байсан хэдий ч механик сэтгэлгээ хөгжсөн ажээ.
Ээж нь хvvгээ ферм удирдах ажлынхаа туслагч болгохоор зvтгэсэн авч хөдөө аж ахуйн тэр ажилд дургvй тул жимс ногоо худалдуулахаар явуулахад замдаа бууж хоцроод аль нэг хашаа хороо, мод бутны дэргэд сууж ном уншаад vлддэг байжээ.


Тэднийхээс алх дөшний дуу vл тасарна. Өвөрмөц сонин салхин тээрмийн загвар vйлдэж, байшингийнхаа орой дээр бэхлэв. Сэнс нь исгэрэн эргэлдэнэ. Найз нөхөд нь гайхан биширнэ. Усаар хөдлөх зvv бvхий цаг хийж гэртээ тавьснаар хичээлээсээ vл хоцорно. Байнга ном шагайж, эсвэл дархны ажилд улайрсан хvvгээ фермийн ажлаас хөндий байдгийг нь хараад дурамжхан байх.
Нэг удаа нагац ах нь тэднийд ирэв. Шинжлэх ухаан, механикийн олон ном дэлгэн тавьж, нарийн төвөгтэй нэгэн бодлого бодохоор махран сууж буй Ньютоныг хэсэг ажин суув. Тvvний аугаа их авьяас билгийг нь гадарласан нагац нь хvvг цааш суралцуулан, их сургуульд оруулахыг ээжид нь зөвлөв.
1661 онд Кембрижийн их сургуульд суралцсан боловч профессоруудын лекц чамлагдан бие даан хичээллэх болжээ. Евклидээс аваад нэрт эрдэмтдийн бvтээлvvдийг нэг бvрчлэн уншаад зогссонгvй өдрийн vзэл бодлыг сөргvvлэн тавьж, шvvмжлэлтэй ханддаг болов. Оюутан ахуйдаа одоо ч хvртэл алдаршин яригдсаар ирсэн "Ньютоны биномоо" батлан гаргажээ.
26 настай залуу хvv Кембрижийн их сургуулийн профессор боллоо. 1669 он гэхэд голлох онолуудаа боловсруулж дуусав. Дөнгөж хорин долоон насандаа шvv! Суу билэг, авьяас чадвар гэгч ийм ажээ. Хэд хэдэн туршилт хийсний дараа ердийн цагаан гэрэл нь орлонгын бvх өнгөнvvдийн нийлмэл болохыг тодорхойлж, гэрэл хугарч ойдог хуулиудыг гаргав.
Дараа нь өнөө vед ч одон орны оргилуудад хэрэглэж байгаа анхны ойдог телескопыг бvтээжээ. Интеграл тооны тухай нээлтээрээ орчин vеийн математикийн шинжлэх ухааны хөгжлийн эх суурийг тавьсан төдийгvй ихэнх ололтуудыг бий болгоход чухал ач холбогдол бvхий аргыг боловсруулсан байдаг. Тэрээр механикийн алдарт хоёрдугаар хуулийг нээсэн нь сонгодог физикийн хуулиудын vндэс суурь болжээ.
Хvчийг биеийн жинд хуваасантай хурдатгал нь тэнцэнэ гэсэн энэхvv хоёрдугаар хуулийг математикийн F=ma томъёогоор илэрхийлнэ. Мөн гуравдугаар хууль, дэлхийн татах хvчний тухай хуулийг нээсэн нь тvvний мөнхийн гавьяа болой.
...Тvvний амьдрал намтар руу эргэж оръё. 1665 оны зун Лондонд тахал өвчин гарлаа. Гудамжинд vй олон vхэгсдийн хvvрийг шатаах болов. Оршин суугчид бөөн бөөнөөрөө дvрвэж эхлэв. 22 настай Ньютон төрсөн тосгондоо очжээ. Хөл хөдөлгөөн ихтэй, ёсорхуу амьдралаас хол хөндий нам гvмхэн хөдөө тосгондоо аж төрж байхдаа залуу эрдэмтэн vлэмж ихийг нээв.
Эгц дээвэртэй бяцхан байшиндаа интеграл, дифференциал тоолол нь төрж, бvдvvн боольхой вандан ширээн дээр гурван талст линзээ байрлуулан нарны туяаг задалж, спектрийн нууцыг тайлав. Ертөнцийн хамгийн азтай алимын мод энэ бяцхан байшингийн цонхон дор ургаж байлаа. Их эрдэмтэн бvх ертөнцийн таталцлын хуулийг энд л нээсэн гэдэг.
Дээрээс унасан тэр алимнаас vvдэлтэй эл хуулийг эдvгээ дэлхий дахин мэдээд зогсохгvй, Ньютоны алим гэдэг хэллэг зуу зуунаар яригдсаар бvлгээ. 1687 онд механикийн болон газрын татах хvчний тухай хуулиудаа томъёолсон "Байгалийн гvн ухааны математик эхлэл" гэдэг алдарт номоо хэвлvvлэв.
Одон орны шинжлэх ухааны зарчмын асуудал болох нарыг тойрч эргэлдэж байгаа гарагуудын хөдөлгөөнийг яг таг бодитойгоор урьдчилан тооцоолж болохыг амьдрал дээр нотолж чадсан юм. Тиймээс бас Ньютоныг суут одон оронч гэдэг. Ньютон ямар хvн байв аа? Өөрийнх нь vеийнхний бичсэнээр тэрээр дунд зэргийн нуруутай, уламжлал дагасан хиймэл vстэй, ухаалаг, гялалзсан нvдтэй, тун жирийн хээгvй эр байжээ.
Бvх амьдралдаа гэрээсээ 180 км-ээс цааш явсангvй, чухам л гэр амьтай нэгэн байв. Аглаг буйд, ганцаардмал амьдралтай, гvн бодолд дарагдахаараа орчин тойрноо vл ажран, бvхнийг мартдаг байлаа. Өглөө босоод удаан цагаар нойрмог хvvхэд мэт суучихна. Ажилдаа махраад ирвэл ууж идэхээ мартана. Нэг удаа найз нь хамт хооллохоор тэднийд иржээ. Хоёул тахианы мах шарж гарган тавих цаг болох vест Ньютон ажлынхаа өрөө рvv тvргэн ороод ирэхээр яваад таг болчихов.
Найз нь хvлээж цөхрөөд мөнөөх махыг зооглож орхиж. Хоосон ясыг саванд нь vлдээгээд, таглажээ. Төдхөн Ньютон өлссөнөө гайхсаар гарч ирээд тахианы хоосон ясыг vзэж гайхашран, "Өө, би чинь хоолоо идчихсэн хэрэг vv. Ээ бас ингэж эндvvрэх гэж байх уу?" хэмээн зогссон гэдэг.
Ньютон насаараа ганцаар амьдарчээ. Эхнэрийн тухай хэзээ ч боддоггvй байсан гэх. Тvvний эрдмийн ажлын эрч хvч 45 наснаасаа суларч эхлэв. Тэр бас өөрийнхөө ажлыг хэвлvvлэхэд дурамжхан байсан гэдэг. Их л сонин араншинтай хvн байв.
Нэгэн золгvй явдал тохиолдсон нь харамсмаар. Ийм явдал болжээ. Ньютон гэрээсээ тvр гарч явахдаа ширээн дээрх дэн асаалттайг мартсан байж. Эрдэмтнийг эзгvй хойгуур хайртай нохой нь ширээн дээр vсрэн гарч дэнг унагаснаас тvvний бvх гар бичмэл шатчихжээ. Ньютоныг эргээд ирэхэд олон жилийн хөдөлмөр нь бvгд vнс болсон байв.
Хичнээн их гашуудсаныг хэлэхэд бэрх. Суут Ньютоны авьяас билэг насан өөд болтол ундран цалгисаар байлаа. Цэмбэнд vрсэн хув, зvv хоёрын хооронд гарах очинд удтал ажиглалт хийж, тvvнийг "Бяцхан аянга" гэж бичиж байлаа. Энэ аугаа хvн хэн ч нэр усыг нь өгөөгvй аугаа их ертенц цахилгаан ба соронзны нууцсын хаалган дээр тулж очоод зогсож байгаагаа мэдэж байжээ.
Энэ хаалгыг бvр цэлийтэл нээхэд бэлэн болчихоод байсан боловч цаг хугацаа хомсдсоноос хараахан амжиж чадаагvй билээ. Тvvний биеийг чулуужих өвчин ихэд зовоосон ч өвдөн шаналаагvй мэтээр хатан зориг барьж, ажиг ч vгvй инээж хөхөрч, эмч нартай ярилцан, сонин уншиж байсан гэдэг.
Хvн төрөлхтний сvр жавхаа, шинжлэх ухааны мөнхийн дэнлvv болсон Исаак Ньютон гэдэг энэ суут эрдэмтэн 1727 оны 3-р сарын 20-нд бурхны орноо заларчээ. Англи улсын алдар цуутнуудыг оршуулдаг Вестминстерийн оршуулгын газарт тvvний шарилыг залжээ.
"Vхэл тvvнд шинэ алдар хvндийг нэмэлтгvйгээр, тэр тийм хvндтэй байсан юм. Тэр өргөмжлөгдөхийн дээд цэгт тулсан хvн" гэж тэр vеийн нэгэн суутан хэлсэн удаатай. Энэ vг тvvний алдар хvндийг тодосгох бөлгөө. Тухайн цаг vеэ эзлээд зогсоогvй хэдэн зуунаар яригдах эрдмийн гэрэл гэгээг хvн төрөлхтөнд тvгээснээрээ Англи гаралтай энэ хvн бол дэлхийн суу билэгтний сvмбэр оргилын нэг ажгуу.
Ньютон эрдэм мэдлэгийн их далайг эцэс төгсгөлгvй судалж нээх зvйл орчлонд дэндvv олон байгааг маш уран гайхамшигтайгаар ийн хэлсэн нь бий. "Би өөрөө тэнгисийн эрэг дээр хавчийн ясаар тоглож буй хvvхэд шиг санагднам. Миний өмнө эрдэм мэдлэгийн их далай гар хvрээгvй хэвээр мэлтийн байгаа юм шиг санагдана". Vнэхээр эрдэмд оройгvй гэдэг ардын маань vгийг санагдуулж байнам.
Бүтээл
Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiж Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн татлцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инжинерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудаар захирагддыг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардыг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.
Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна.
Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.

No comments:

Post a Comment