Friday, February 11, 2011

Леонардо да Винчи /намтар түүх/

Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, барималч, архитектор, хөгжимчин, зохиолч зэрэг олон мэргэжилтэй манай гарагийн авьяас билэгт хүмүүний нэг Леонардо ди сер Пиеро да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлжээ.
Леонардо сэргэн мандалтын үеийн гол хүн гэж үздэг билээ. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн аугаа зураачаас гадна манай гарагийн хамгийн суу билэгт хүмүүний нэг юм. Пиеро да Винчи, тариачин эмэгтэй Катерина нарын бутач хүү Леонардо Италийн Флоренце мужийн нутагт төрсөн байна. Тэрбээр Флорентийн зураач Веррокиогийн урлангаас зургийн боловсролоо анх эхэлжээ. Леонардо эхэн үеийн уран бүтээлээ Милан хотод туурвиж байв. Хожим нь Ром, Бологна, Венец хотод ажиллаж, Францын хаан I Францисийн бэлэглэсэн гэртээ амьдралын сүүлчийн үеэ өнгөрүүлжээ.


Леонардогийн "Мона Лиза", "Сүүлчийн оройн зоог" гэдэг зураг нь хамгийн алдартай, хамгийн ихээр хуулбарласан зураг болсон. Энэ хоёр аугаа бүтээл нь нэрт зураач Микеланжелогийн "Адамын бүтээл" зурагтай дүйцэх нэр хүндтэй бүтээл юм. Үүнээс гадна түүний зурсан эрэгтэй хүний биеийн тэгш хэмийг дүрсэлэн харуулсан "Vitruvian Man" зураг нь еврогийн дэвсгэртээс эхлээд футболк дээр хүртэл хуулбарлан буулгасан байдаг.
Тэрбээр уран зургаас гадна нисдэг тэрэг, танк, давхар их биетэй хөлөг онгоц, тектоникийн давхаргын анхны онол зэргийн гаргажээ. Түүний сэдсэн бүтээлүүдийн загварын цөөн хэдийг л тэрбээр амьд ахуй үедээ бүтээсэн байна. Уншигч та бүхэнд суу билэгтэний алдартай бүтээлийг дурдах нь илүүц биз. Тиймээс түүний амьдралын эхэн үеийн тухай товч танилцуулья.
Суу билэгтний хүүхэд ахуй нас
Леонардогийн амьдралын эхэн үеийн тухай баримт тэр бүр тодорхой биш байдаг. Тэрбээр Винчи гэдэг жижиг хотод өсч торнижээ. Леонардо 1466 онд 14 насандаа тухайн үеийн алдартай уран бүтээлчийн нэг Веррокио буюу Андреа ди Кионед шавь оржээ. Веррокиогийн урлан Флоренце хотын төвд байрладаг байв. Залуу Леонардо уран зураг, баримал хийх зэрэг олон ур чадварыг хослуулан эзэмшсэн байна. Түүнчлэн Веррокиогийн урлангийн бүтээлүүдийг голчлон түүний шавь урладаг байжээ. Залуу зураач Леонардо "Христийн адис" зургаа Веррокио багшийнхаа хамт бүтээсэн бөгөөд Веррокио энэ зургийг урласнаас хойш гартаа дахин хэзээ бийр бариагүй гэж ярьдаг юм. Да Винчи Веррокиогийн урланд ажиллах хугацаандаа тэрбээр багшийнхаа уран барималын нэг загвар нь байж болох юм. Веррокиогийн бүтээсэн Дэвид барималийн ерөнхий төрх нь Да Винчитэй төстэй харагддаг билээ.
1472 онд 20 настай Леонардо уран бүтээлч, анагаах ухааны эмч нарын холбоонд багшилдаг болов. Төд удалгүй эцэг нь түүнд хувийн урлан байгуулж өгч, Веррокиог үүндээ нэгтгэн дахин хамтран ажиллаж болжээ. Шүүхийн баримт сөхвөл 1476 онд Леонардо гурван эрэгтэй хамт бэлгийн гаж зуршилтай гэсэн хэргээр ял авсан ч хожим нь цагаатгасан байна. Энэ үеэс 1478 он хүртэл түүний уран бүтээлийн тухай баримт түүхэнд бичигдээгүй байдаг. Үүнээс гадна Леонардо хаана амьдарч байсан тухай мэдээлэл ч байдаггүй юм. Тэрбээр Милан хот руу явахаас өмнө 1481 онд "Магиг бишрэх" гэдэг зургаа зурсан байна. Леонардо 1482 онд морины толгойн хэлбэртэй босоо ятга хөгжим бүтээжээ. Леонардо 1482-1499 оны хооронд Милан хотод аж төрж байв. нэрт зураач тэрбээр 1503 оноос "Мона Лиза" зургаа зурж эхэлсэн байна

1513-1516 онд Леонардо Ромын Ватиканд амьдарч байсан юм. Энэ үед Рафаел, Микеланжело нар уран бүтээлийн ид оргил үедээ байжээ. 1515 он 10 дугаар сард Францын хаан I Францис Милан хотыг эзлэн авчээ. Энэ оны 12 дугаар сарын 19-нд Леонардо Францис хаан болон Ромын пап Х Леотой уулзсан байна. Тэрбээр Францис хаантай дотно найз болжээ. Нэрт уран бүтээлч Леонардо амьдралын сүүлийн жилүүдээ Францис хааны бэлэглэсэн байшиндаа өнгөрүүлж, 1519 оны тавдугаар сарын 2-нд Францад нас баржээ. Францис хаан Леонардог өөд болох үед дэргэд нь байж, түүнийг толгойг гар дээрээ тавин гашуудаж байсан гэсэн домог яриа байдаг билээ.

No comments:

Post a Comment