Monday, February 7, 2011

Туулай жилд эх орны хишиг хэд хүрэх бол...

Хорвоогийн мянга мянган хаврын нэг нь ирж Монгол түмэн сар шинийнхээ баярыг тэмдэглэлээ.

Айлчлан ирсэн туулай жил улс төрийн намуудын хувьд их сорилгын өмнөх жил болж иргэдэд амласан мөнгөө өгөх сүүлийн боломж болж байна.

Эх орны хишиг хүртээхээ ам уралдан ярьж AH, МАН сонгогчдын саналыг авсан 2008 оны зунаас хойш иргэд уул уурхайн салбараас олох ногдол ашгаа хэрхэн авахаа өнөөг хүртэл нэг сайн ойлгохгүй явж ирэв.

Газраа ухаж, баялгаа олборлож хөгжилд хүрнэ гэдэг өөрөө адармаатай зам туулдгийг дэлхийн улсуудын түүх нотолсон байхад бид эндээ алдаа гаргасаар байгаа билээ. Яг үнэндээ бол өнөөгийн энэ эрх баригчид иргэдийг хуурч дуусахгүй байна.

Оюутолгой гэдэг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг гадныхантай байгуулчихвал амласан 1,5 сая төгрөгөө өгчихнө гэж жишим ч үгүй худал ярьсан нь илрэв. Оюутолгойг ашиглах гэрээг канадуудтай 30 жилээр хийсэн ч Монголчуудын амьдралын чансаа өөдөлсөн нь ховор байна. Харин одоо Тавантолгойгоо хэнтэй хамтарч ухах вэ гэдэг тухай ярилцаж хөрөнгө оруулагч болоод оператор компаниудаа сонгочихвол тэр эх орны хишгийг дор нь өгч орхино гэж яриад байх юм.

Гэтэл оноос өмнө олгосон 50 мянган төгрөг, энэ жилд олгох сар бүрийн 21 мянган төгрөгөөс өөрөөр эх орны хишиг гэдэг тодорхойгүй үлгэр явсаар байгаа билээ.

Намуудад одоо тун бага хугацаа үлдсэн. Туулай жил улирч луу жилийн эхний улирал дуусахад л тэдний эрх мэдэл барих үе төгсөнө. Энэ хугацаанд 50 нэмэх нь 252 буюу 352 мянган төгрөгөөс бусад эх орны хишгийг сонгогчдод олгохгүй бол тэд сонгуулийн сурталчилгааны индэрт гарах нүүр олохгүй.

Тавантолгойгооос хувьцаа гаргаж иргэдэд эзэмшүүлнэ л гэнэ. Хэрхэн, яаж, хэзээ гэдэг нь бас л тодорхойгүй. Газар усаа сэндийлж эрдэс баялгаа экспортлоод иргэдийнхээ амьдралыг сайжруулах Засгийн газрын үлгэрийн төгсгөл одоохондоо мэдэгдэхгүй байна.

Нэг жил нэг мэдэхэд л тойрно. Амлалтаа нэг мөр дүгнүүлж ард түмнийг хуурсан үр дүнгээ хүртэхэд нэг их хугацаа үлдсэнгүй. Энэ туулай жилийн эх орны хишиг хэд хүрэх бол. Сар бүр 21 мянгын төлөө үүрийн жингээр "үдээтэй" үүд сахих өвгөдийн төрх л бууж байна даа.

No comments:

Post a Comment