Monday, February 7, 2011

Жижиг, дунд үйлдвэрлэлийг ингэж дэмжих хэрэг байна уу

Эдийн засгаа "Голланд өвчин"-өөс хараат байлгахын тулд сүүлийн үед хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр түлхүү анхаарч эхэлсэн. Тухайлбал, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл, тусламжийг хуваарилан, үүндээ зориулж Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар гэсэн тусгай агентлаг хүртэл ажиллуулж байгаа.

Гэтэл энэ бүхэнд зориулж байгаа хөрөнгө нүдэнд харагдаж, гарт мэдрэгдэх зүйлгүй үрэгдсээр Монголын эдийн засагт "Голланд өвчин"-ий шинж тэмдэг хэдийн илэрч эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн үр дүн цаасан дээр л "онц сайн" гэсэн үнэлгээтэй байгааг иргэд шүүмжилдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж өнгөрсөн жил гэхэд 37 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахаар холбогдох яам, агентлагаас жил бүр "Монголд үйлдвэрлэв" нэртэй үзэсгэлэн зохион байгуулдаг.

Энэ жилийн "Монголд үйлдвэрлэв"-ийг сар шинийн баяр угтан "Мишээл экспо" төвд зохион байгуулсан. Үзэсгэлэн яармагийн гол санаа нь үйлдвэрлэгчдээ дэмжиж, иргэдэд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг бага ч болов тайлагнах ёстой байжээ. Гэтэл жил бүр ийм үзэсгэлэн болдог ч, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэ үеэр яам, агентлагийн мэргэжилтнүүдэд тайлангаа тавьж, дараа дахин зээлд хамрагдах бэлтгэлээ хангахын тулд 500 мянгаас нэг сая төгрөгийн түрээс төлдөг аж.

Тиймээс юун бүтээгдэхүүний үнэ буурах манатай. Иймээс ард түмний амьдралд хөнгөлөлттэй зээлийн ид шидийг үзүүлсэн тохиолдол одоог болтол хараахан гараагүй л байна. Ер нь төсөл хөтөлбөрүүд Монголд ийнхүү хэрэгждэг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Нэгэнтээ МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл "Жижиг дунд үйлдвэрийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааных нь эрхийг МҮХАҮТ-д өгөх хэрэгтэй" гэж хэлж байсан удаатай.

Түүний хэлснээр Жижиг, дунд үйлдвэрийн газар ажлаа хийж чадахгүй, хөнгөлөлттэй зээлийг жинхэнэ эздэд нь хүргэж чадахгүй байгаа аж. Мөн үйлдвэр гэж туйлшраад жижиг бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зээл олддоггүй гэсэн. Үнэхээр ч жижиг, дунд үйлдвэрлэл гэж ярихын зэрэгцээ жижиг, дунд бизнесээс эхэлж, хөнгөлөлттэй зээлийг хүртэх ёстой эздэд нь олгож, иргэдэд үр шимийг нь хүртээх хэрэгтэй байна. Өнөөдөр орон нутгийн удирдлагуудад зээл олгох эрхийг өгсөн нь хэрэгтэй байгаа эздэд нь хүргэх хамгийн шилдэг арга гэж холбогдох албаныхан нь ярьсаар.

Үнэн хэрэгтээ орон нутгийн удирдлагууд цаасан дээр "онц сайн" гэж үр дүнгээ тайлагнасан хэвээр байгаа цагт зээлийн үр шимийг иргэд хүртэж, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямдхан авч, үйлдвэрлэгчид ашиг олно гэдэг зангууны үлгэр аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн бүтцэд хүндрэл байгаа тухай холбогдох албан тушаалтан нь нэг бус удаа хэлж байсан нь хөнгөлөлттэй зээлийн ашгийг "хүртдэг" өөр хэсэг бүлэг бий болсныг гэрчилнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулагдах ёстой хөнгөлөлттэй зээл олгох эрх л гэхэд талаар нэг тарсан байдагт мэргэжлийнхэн бурууг чихдэг юм билээ.

Тухайлбал, гадны улс орноос энэ чиглэлээр өгч буй хөнгөлөлттэй зээл, тусламжийг Сангийн яам хариуцдаг бол төсвөөс өгч байгаа хэсгийг нь Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцаж олгодог юм. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэдлийн сан бий. Энэ сангаар дамжуулан жилд 20 орчим тэрбум төгрөгөөр бичил бизнесийг дэмждэг гэх. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд иргэнд зээл олгохыг зөвшөөрсөн заалт байдаг учир Жижиг, дунд үйлдвэр дэмжих зээл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бичил бизнесийн зээлийг нэг хүн давхар авах боломжтой болж байгаа юм.

Зээл тусламжийн мөнгө энэхүү хуулийн цоорхойг мэддэг, сайн төсөл бичиж, тайлангаа "но"-гүй гаргадаг хүмүүсийн гарт орж байгаагаас бус хүү багатай зээл нь хэрэгтэй хүндээ хүрч чаддаггүй нь амьдрал дээр илхэн байна. Гэтэл энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал их хэмжээний мөнгө жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулах шийдвэр гарсан. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихээр төсвөөс гаргаж буй хөрөнгө дээр Япон улсын Засгийн газраас 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Жил ирэх бүр жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулах хөрөнгө нэмэгдсээр байгаа нь үүнээс харагдаж байна.

Харин зээлийг хуваарилах шат дамжлага механизмаа энэ хэвээр нь өөрчлөхгүй байсаар байвал иргэд ч үр шимийг нь хүртэхгүй. Зээл авагсдад ч ашиг гарсан зүйлгүй хэвээр л байна. Харин ингэж мунгинаж байх хооронд "Голланд өвчин"-д Монгол Улс хэдийн нэрвэгдчихсэн байх вий.

No comments:

Post a Comment