Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ой болж байна. Ойн баярт ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков нарын сансрын нисэгчид ирж оролцож байгаа юм.
“Союз-39“ хөлгийн дарга, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хамтран нисэгч В.А.Жанибековтой цөөн хором ярилцлаа.
- Таны хүүхэд насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
- Миний хувьд хөвгүүдийн л нэгэн адил ном унших, зураг зурах, гэрэл зураг авах, техник, спорт гээд юм юм л оролдож сонирхдог байлаа. Багадаа зураг зурах дуртай байсан бол жаахан томроод ирэхээрээ гэрэл зураг сонирхдог болсон. Би 9 настай байхдаа өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай болсон байсан. Тэрнээс хойш насан туршдаа гэрэл зургийн аппаратаас салаагүй явна. Би бас хүндийн өргөлтөөр хичээллэж байлаа. Туйвангаа өргөвөл ялдаг, өргөж чадахгүй бол ялагддаг. Ингээд л болоо. Хэний ч нүүрийг цохихгүй, хэнийг ч гэмтээх хэрэггүй, сайхан спорт. Ахлах ангид ороод ирэхээрээ радио сонирхогчдын эгнээнд орж, одон орон сонирхож, телескоп хүртэл хийж байлаа. Сүүлдээ сансарт нисэхийг ч мөрөөддөг болсон.
- Тэгээд л нисэхийн сургуульд орсон юм аа даа. Сансрын нисэгчдийг шалгаруулалт хүнд байсан уу?
- Тиймээ. Ейск хотын нисэх хүчний сургууль төгссөн. Сансрын нисгэгчдийн сонгон шалгаруулалт маш нарийн хүнд бас тэгээд хагас жил гаруй хугацаагаар үргэлжилсэн. 1100 хүн өрсөлдөж байснаас найм нь сонгогдсон. Энэ бол 1969-70 онд болсон үйл явдал шүү дээ.
- Та сансарт таван удаа ниссэн. Хэдэн настай анх сансарт нисч байв?.
-1978 онд 36 настай байхдаа анх сансарт ниссэн. Анх Олег Макаровтой, дараа нь Гүррагчаатай, гурав дахь удаа нь Францын нисэгчтэй, дөрөвдэхэд нь Светлана Советскаяатай, сүүлд нь Савиныхтай хамт ниссэн.
- Сансарт нисэхээс буух нь их хүнд байдаг гэсэн. Гүррагчаатай хамт нисч байхад танай хөлгийн буугч төхөөрөмж салалгүй дэлхийг дахин нэг бүтэн тойрч байж буусан шүү дээ. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрж байв?.
-Сансарт залхтлаа удаан нисч байгаагүй болохоор нислэгийн дараа маш хүнд хэцүү байдаг. Гүррагчаа бид хоёрыг нисээд буух болоход буугч төхөөрөмж салаагүй. Гэвч дараагийн удаад газраас бидэнд зааварчилгаа өгснөөр төхөөрөмж амжилттай салж, бид буусан. Иймэрхүү явдал сансарт гардаг. Айх зүйл огт биш. Бидэнд бүтэн цаг хагас л илүү сансарт ниссэнээс өөр юм байхгүй.
-Мэдээж энэ асуултыг хүн бүхэн асуудаг байх. Гэхдээ би бас асуумаар байна. Сансраас дэлхий ямар харагддаг вэ?
-Давтагдашгүй, гайхамшигтай сайхан харагддаг. Жижигхэн бөмбөрцөг. Дээр нь байгаа олон зүйл нь илт харагдаж байдаг. Ус мөрөн, тив, эх газар, үүлс харагддаг. Байгаль нуур маш сайхан харагддаг юм. Хүн төрөлхтөн бидний байгаль дэлхийд тарьсан уршиг ч харагдана шүү дээ.
-Тухайлбал?
-Байгаль дэлхийг хэрхэн сүйдэж байгаа, ус хэрхэн бохирдож байгаа, агаарын бохирдол, утаа нь хүртэл харагдаж байдаг. “Бидэнд ирээдүйгээс шийтгэл ирэх нь дамжиггүй” гэж би боддог юм. Учир нь бид аливаа зүйлийг маш хурднаар өөрчлөх гэж яарч байна. Маргаашдаа, ирээдүйдээ, үр хүүхдүүддээ ямар байгаль үлдээх гэж байгаадаа санаа зовдоггүй. Иймээс хэзээ нэгэн цагт бид шийтгэл хүлээх амсана гэсэн мэдрэмж төрөөд байдаг юм.
-Сансар судлалд олон орон нэгдэж байна. Сансар судлалын ирээдүйн талаар юу гэж төсөөлж байна вэ?
-Одоо сансарт олон улсын асар том сансрын станц дээр ОХУ, АНУ-ын сансрын багийнхан сансарт байнга ажиллаж байгаа. Европчууд, Латин, Америк, Япончууд энэ үйл хэрэгт нэгдэж байна. АНУ-ын “ШАТЛЛ” хөтөлбөр дууссан. Тиймээс зөвхөн Оросын сансрын хөлгүүд үлдэж байна. Сүүлийн үед орос хэл сансрын хөтөлбөрийн хамгийн гол хэл болж байгаа учир орос хэлийг ихээр сурах боллоо. Оддын хотхонд америкчууд ирж орос хэл суралцаж байна. Ирээдүйн тухайд хэлэхэд монголчууд дахин сансарт ниснэ. Харин энэ бол та нараас хамаарах зүйл. Залуус та нар мөрөөдөж, бодож, ажиллах хэрэгтэй.
No comments:
Post a Comment