Sunday, April 10, 2011

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан: Антибиотик хүн төрөлхтний наслалтад том өөрчлөлт гаргасан

-Эмийн зохисгүй хэрэглээнээс болж олон сайн эм хүний биед үйлчлэхгүй байна.

ДЭМБ-аас эмэнд тэсвэртэй нянгийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтээрээ антибиотикийг нээхээс өмнөх үе рүү буцаж болзошгүйг анхааруулж байна.

Мөн эмийн зохисгүй хэрэглээнээс болж орчин үеийн анагаах ухаан сүрьеэ, хумхаа өвчнийг эдгээх, таслан зогсоох, эмчилгээний арга улам хумигдаж, өмнө нь гарч байсан өвчнүүд эмчлэх боломжгүй хэлбэрээр дахин тархаж байгааг тус байгууллагаас анхаарууллаа.

Тиймээс энэ удаа танд ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай Маргарет Чаны хүн төрөлхтөнд хандсан мэдэгдлийг хүргэж байна.

Тиймээс энэ удаа танд ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай Маргарет Чаны хүн төрөлхтөнд хандсан мэдэгдлийг хүргэж байна.



“Гайхамшигт анагаагч” эдгээх чадвараа алдах нь:

1940-өөд оны үед антибиотикийг анх нээн хэрэглэж эхлэх үед түүний анагаах увдисыг хүмүүс гайхан магтаж “гайхамшигт анагаагч” орчин үеийн анагаах ухааны салбарт гарсан “гайхамшиг” гэж нэрлэж байсан. Үнэхээр ч антибиотикийг хэрэглэснээр нийтлэг тохиолддог хоолойн өвчин, жижиг шарх, гэмтэл төдийгүй тэмбүү, заг хүйтэн, сүрьеэ өвчнөөс шалтгаалсан зовиурыг эмчилж, үхлийн аюулаас аврах боломжтой болсон.

Антибиотикийг нээснээр олон төрлийн эм бэлдмэл үүдийг үйлдвэрлэх үндсийг нээж өгсөн. Мөн хүн төрөлхтний эрүүл мэнд, наслалтад том өөрчлөлт хийсэн. Тиймээс энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр дамжуулан хүн төрөлхтөн антибиотикийн анагаах, эдгээх гайхамшигт чанарыг алдах аюулын ирмэг дээр байгааг олон нийтэд анхааруулахыг хүссэн юм.

Олон сайн эм хүний биед үйлчлэхгүй байна:

Эмэнд тэсвэртэй эмгэг төрөгчид олноороо бий болж, олон сайн эм хүний биед үйлчлэхгүй, эмчлэх чадвараа алдаж, эмчилгээний цар хүрээ багасч байна. Шинээр зохион бүтээн үйлдвэрлэж буй эмийн тоог өвчний нянг устган эмчлэх чадвараа алдаж, үйлчлэхээ байсан эмийн тоотой харьцуулахад бага юм.

Үнэндээ, эмэнд дасалтай эмгэгийг эдгээх анагаах эмийг шинээр нээх боломж улам хумигдаж байна. Үүнийг яаралтай залруулах, хамгаалах арга хэмжээ авахгүй бол өвчин үүсгэгч эмгэг төрөгчдийн тэсвэржилт, үхлийн хөнөөлийг ихэсгэж улмаар хүн төрөлхтөн өвчний дарангуйлалд орж, өвчин эндэгдэлд нэрвэгдсэн “Антибиотикийн өмнөх эрин” рүү хөтөлж байгаа нь тодорхой байна.

Мөн халдварын тархалтыг ихэсгээд зогсохгүй хавдрын эмчилгээ, нарийн төвөгтэй мэс ажилбарууд, эрхтэн шилжүүлэн суулгалт зэрэг хүн төрөлхтний эрүүл мэндийг сайжруулж, амьдралыг уртасгах дэвшилтэт олон аргуудын үр дүнг бууруулах, үгүй хийх аюулыг бий болгож байна.

Өнөөдөр эмнэлэг нь эмэнд тэсвэртэй эмгэг төрөгчийн оршин тогтнох голомт болж байгаа нь асуудлыг улам аюултай болгож байна. Ямарваа нэгэн амьд организмын хувьд шинээр үүсэн бүрэлдэж буй орчинд тодорхой хугацааны дотор дасан зохицох нь зайлшгүй тохиолдох биологийн үйл явц юм.

Тиймээс халдварын эсрэг тодорхой тунгаар хэрэглэж байгаа антибиотик нь тухайн өвчин үүсгэгчийг устгах, эсвэл өөртөө тэсвэртэй болгох нөлөө үзүүлдэг. Харин дасан зохицож, тэсвэрлэж үлдсэн нянгууд тухайн эмэнд тэсвэрлэх гентэй болж нэгээс нөгөөд халдварласаар хурдацтай тархаж өнөөдөр дэлхийг хамарсан асуудал болоод байна.

Хүмүүсийн буруу зан үйл анагаах ухааны ололт, амжилтыг үгүй хийлээ:

Эмийн зохисгүй хэрэглээний улмаас өнөөдөр дэлхий нийт антибиотикийн эмзэг хэрнээ, агуу эмчлэх, анагаах чадварыг алдаж эхлээд байна. Бид антибиотикийн гайхамшигтай анагаах чадвар, хүний биед үйлчлэх байдал үүрд байсаар байж, хүчтэй, сайн антибиотик шинээр гарсаар байна гэж бодож байсан. Гэвч нөхцөл байдал, чиг хандлага өөр байна.

Хүмүүсийн буруу зан үйл, дадал хандлагаас шалтгаалан бодит байдал бидний төсөөлснөөс өөрөөр эргэж эмэнд дасалтай эмгэг төрөгчдөөс үүдэх асуудал бидний өмнө тулгараад байна. Тухайлбал, хумхаа өвчнийг эмчлэх боломж өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал хэвээр байна. Энэ өвчнийг зөвхөн артемизин дээр суурилсан ганцхан төрлийн багц эмээр л жилд хумхаагаар өвчилсөн 200 гаруй сая хүнийг эдгээдэг. Хумхааг эмчлэх эмийг нээхээр улс болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байгаа ч артемизинд тэсвэртэй эсрэг төрөгчид аль хэдийнэ бий болсон нь нотлогдсон.

Өнгөрсөн хугацаанд сүрьеэ, хүүхдийн суулгалт, амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй өвчлөл, эндэгдлийг бууруулахад том ахиц дэвшил гарсан. Гэвч энэ бүх ололт амжилтуудаа алдахад хүрээд байна.

Сүүлийн жилүүдэд хагас сая гаруй хүн олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөж, тэдний 1/3 хувь нь уг өвчний улмаас нас баржээ. Гэвч дээр дурьдсан бүх асуудал нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс улбаатай эмэнд тэсвэржилттэй холбоотой юм.

Таамгаар эм хэрэглэх нь зохисгүй хэрэглээг даамжруулж байна:

Эмийн зохисгүй хэрэглээ нь нэг талаасаа ихэнхдээ өвчтөний хүсэлт, шахалтаар эмчилгээний тавилан, явцыг түргэсгэх зорилгоор, нөгөө талаас эмийн борлуулалтаас ашиг, орлогоо нэмэгдүүлэх гэсэн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг.

Нөгөө талаас худалдан авах чадваргүйгээсээ шалтгаалан өвчтнүүд биеийн байдлаа дөнгөж сайжирч эхэлмэгц нянг бүрэн устгалгүйгээр эмчилгээгээ дутуу орхих нь эмийн зохисгүй хэрэглээний нийтлэг тохиолдол. Энэ нь буруу оношлох болон лабораторийн шинжилгээ хийгээгүй байхад таамгаар өргөн хүрээний антибиотик хэрэглэдэгтэй холбоотой. Олон оронд эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавиагүйгээс чанарг үй эм худалдаанд гарах, эмчийн жоргүйгээр антибиотик зарах, хувь хүмүүс гар дээрээс эм зарах явдлууд эмийн зохисгүй хэрэглээг улам даамжруулж байна.

Бид шинэ антибиотик оношилгоо, шинжилгээ, дархлаажуулалтыг сайжруулах хэрэгтэй:

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ДЭМБ-аас нянгийн тэсвэржилттэй тэмцэх, сэргийлэх бодлогын багцыг гаргалаа. Бид энэ талаар авах арга хэмжээгээ төлөвлөж, хооронд нь уялдуулж, тандалт тогтолцооны системээ өргөжүүлэх боломжтой.

Мөн эмийн асуудлыг зохицуулах, нийлүүлэлтийг сайжруулах, эрүүл мэндийн салбарт болон бусад салбарт халдвараас сэргийлэх, хянах шаардлагатай байна. Бид шинэ антибиотик, оношлогоо, шинжилгээ, дархлаажуулалтыг сайжруулах үүд хаалгыг нээх хэрэгтэй. Хэрэв бид өнөөдөр энэ тал дээр арга хэмжээ авахгүй бол маргааш өвчнөө эдгээх боломжгүй болох нь.

No comments:

Post a Comment