Tuesday, March 8, 2011

Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 дахь жилийн ой тохиож байна.
Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе


Юун түрүүнд энэхүү баярын талаар та бүхэнд товч танилцуулъя.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.


Улмаар 1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

Олон улсад тэмдэглэдэгчлэн энэ өдөр Монгол бүсгүйчүүдийн эрхийн тухай ярилцах өдөр.

Монгол эмэгтэйчүүд бусад оронтой харьцуулахад харьцангуй эрх чөлөөтэй. Гэвч асуудал байсаар байна.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо жил бүр буурсаар 10,5-аас 6,5 болж 2008 онд бүр 3,9 хувьд хүрсэн байна. Хүйсээс үл хамааран чадвар нь эн зэрэгцэж байгаа эрин үед амьдарч байгаа л бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй. Өдгөө дэлхийн олон оронд улс төрч эмэгтэйчүүдийн нөлөө ихсэж, тэдний гүйцэтгэх үүрэг илүү цар хүрээтэй болж байгаатай хэн ч маргахгүй.

Сүүлийн үед үр хөндөлтийн асуудал хурцаар тавигдах боллоо. Үр хөндөлтийг бүсгүйн биед хийж байгаа боловч хариуцлага нь эр, эм хоёр хүнд хамтад нь ногдох нь зүй. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь анхны үр хөндөлт байгаа нь харамсалтай. 2008 онд хийгдсэн нөхөн үржихүйн үндэсний судалгаагаар 1044 өсвөр насны охидоос асуулга авахад тэдгээрийн 4 хувь нь гэрлэсэн, 15-19 насны эмэгтэйчүүдийн 6,2 хувь нь наад зах нь нэг хүүхэдтэй байна.

Мөн бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаанд өртөх болсон эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаад анхаарал хандуулах цаг хэдийнээ болжээ. Зөвхөн 2010 онд гэхэд л хүчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ мэтээр нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал олон байна.

Эмэгтэйчүүдийн эрх бусдаас үүдэн ийнхүү хохирч байгаагаас гадна өөрсдөөсөө шалтгаалан бусдын золиос болох нь цөөнгүй. Эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байна. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын энэхүү өдрөөр архигүй тэмдэглэх уриалгыг манай Үндэсний портал GoGo.mn сайт гаргасныг та бүхэн санаж буй биз ээ. Энэхүү санаачилгыг бүсгүйчүүд маань дэмжиж цааш цаашдын баярыг архигүй тэмдэглэх, улмаар “Архигүй Монгол” болох үүдийг нээнэ хэмээн найдаж байна.

Энэхүү сайхан өдрийг дэлхийн олон оронд янз бүрийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Ихэнх оронд эрчүүд эмэгтэйчүүдээ хайрлаж явдгаа, мөн тэдний хайранд талархаж буйгаа энэ өдөр илэрхийлдэг байна.

Тиймээс Монголынхоо бүх хацар гоо бүсгүйчүүддээ энэхүү Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг хүргэхийн ялдамд эрчүүддээ хандан Г.Гантулгын дараах шүлгийг зориулж байна. Энэ өдөр та бүхэн хайрт ээж, халамжит хань, энхрий охидоо хайраар дутаалгүй сайхан баярлуулаарай.

Эрчүүддээ хандсан шүлэг
Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорой

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшгээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрснийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдраарай

Үндэсний портал GoGo.mn

No comments:

Post a Comment