Monday, February 7, 2011

Ур чадвар уу?, эсвэл зөв хүн үү?

Боловсролын систем, түүний алдаа оноо, ахиц дэвшлийн тухай олон хүн олон янз янзаар бичээд л байна, яриад л байна. Ц.Дэмбэрэл багшийн оюуны илтгэлцүүр, ирээдүй судлалын тухай сонирхолтой ярианаас эхлээд боловсролын салбар дахь авилгын тухай дунд сургуулийн сурагчийн уралдаанд ирүүлсэн материал хүртэл маш өргөн "орон зай"-г боловсролын тухай сэдэв хамарсан байх юм.

Олон талаас нь, олон өнцгөөс харж, шинжиж, санаа оноогоо уралдуулж байгаа нь тун сайн хэрэг. Энэ их далайд дусал нэмэрлэх зорилгоор өөрт буй санааг чадан ядан эвлүүллээ. Бидний өмнө ур чадвар уу? эсвэл зөв хүн үү гэдэг асуулт тавигдсан байна, энэ асуултанд хариулах миний хувилбар:

Ур чадвар. Аль ч орны боловсролын салбар нь нийгмийн хэрэгцээ, шаардлагад дүйцэхүйц боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх үүрэгтэй. Хэрэгцээг тоогоор, төрлөөр, мэргэжлээр өгдөг гэж муйхарлаад түр орхицгооё. Харин шаардлага юугаар хэмжигдэх вэ. Товчхондоо ур чадвараар хэмжигдэнэ.

Судлаачдын тогтоосноор ажлын байранд тавигддаг ихэнх шаардлага тухайн хүний ур чадварын шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогддог бол хувь хүний үнэлэмж нь мэдлэг, боловсролоос илүүтэй биеэ авч яваа байдал нь оршин буй нийгмийн ёс суртахуун зан суртахууны үнэлэмжүүдтэй хэрхэн нийцэж буйгаар тодорхойлогддог байна. Хүн бол нэг талаас байгалийн амьтан, нөгөө талаас нийгмийн амьтан. Бид байгалийн амьтныхаа шинжийг аль болох далд авч явдаг болоод удаж байна. Тэгэхээр нийгмийн амьтан байх арга ухаан, хэм хэмжээ, зүй зохицолд захирагдахаас өөр аргагүй нь мэдээж. Үүн дээр хувь хүн гэсэн айхтар том шинж чанарыг тээж яваа бодьгалууд.

Энэ гурван шинжийг агуулж байгаа хэрнээ аль алиных нь тэнцвэрийг хадгалах гэж "үйлээ үзэж, тамаа цайж" амьдрал гэдэг их далайд хөвөх хэрэгтэй болдог "гайхамшигтай" тавилантангууд болохоор аль болох иргэншсэн хувь хүний төрхийг олж авахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Хэний ч хүүхдийг энэ тавилан тойрч гарахгүй.

Зөв хүн. Өнөөдрийн нийгэм боловсролын тогооноос ур чадвартай хэрнээ "зөв" хүн гарч ирэхийг хүлээж байна. Энэ хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх нь өөр асуудал. Мэдээж энэ асуудалд үүрэг хариуцлага хүлээсэн өч төчнөөн хүн нойр хоолгүй зүтгэж байгаа байх. Тэдний юу хийж байгаа нь чухал боловч таны юу хийх ёстой нь багагүй чухал гэдэгтэй та санал нэгтэй байх болов уу.

Ажил хэрэгч хүмүүс цаг завгүй их ажлынхаа ард хүүхэддээ анхаарал халамж бага тавьдаг нийтлэг "дутагдалтай" байдаг. Дутуугаа нөхөх ганц арга нь хамгийн сайн сургууль, хамгийн сайн багш нарт хангалттай төлөх, хэрэгтэй юмаар нь дутаахгүй байх, гадны "халдлага, дайралтаас" хамгаалахад мөнгө зарах, дараа нь би чамайг юугаар ч дутаагаагүй, хүний доор орохоор байлгаагүй гэсэн "бардамнал, аархал” -г олж авах.

Мэдээж үүнд буруу зүйл байхгүй. Чадаж байгаа бол сайн. Гэхдээ та хамгийн чухал зүйлийг "хүн" байхын ухааныг олж авахад нь илүү их анхаарвал сайнсан. Би олон түвшинд, олон олон хүүхэд, сурагч, оюутантай уулзаж, ярилцдаг багш хүн. Сүүлийн үед мөнгөөр бүгдийг бүтээж болно, юуг ч аргалаж болно гэсэн үзэл бодол, хандлага боловсрол эзэмших гэж чадан ядан яваа сурагчид, оюутнуудын дунд айхтар их газар авч байна.

Уучлаарай эрхмүүдээ энэ бүхний "тариаланчид" нь та нар, ургац нь танай гэрт, тантай зэрэгцээд хооллож сууна. Ямар үр суулгана түүнийгээ хурааж авна гэдэг дээ. Хүүхэд л юм хойно тэд таны дэргэд хамгийн томоотой, хамгийн дуулгавартай байгаа.

Та бүхэн өөрийнхөө "баян" хүүхдээ ихэрхүү, дээрэнгүй, хямсгар өөнтөгч, хар амиа бөөцийлөгч, хорчин, балмад танхай, ашигч, завшаанч, ядуу доройд арслан бар, яльгүй илүүд зусар зуйлган, далд муу үйлд дурламхай, бусдыг араасаа дагууламхай, чадахгүй бол өшин занамхай, өр нь хатуурч, өрц нь зузаарч байгаа юм биш байгаа даа гэж ямагт болгоомжилж, анхаарал тавьж байх шаардлагатай байна шүү.

Энд би олон "томчууд"-ын оройн дээд шүтээн, гэрэлт ирээдүй, өв залгамжлагч, голомт сахигч, "баастай бурхад"-ын цөвүүн муу зан аалийн талаар нэр дурдан, баримт дэлгэн  өгүүлж болох боловч ач холбогдол өчүүхэн ч байхгүй тул "шар сонин" царайлаад яахав дээ.

Гол нь та бүхэн энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа шиг та бүхний хүүхдүүд ачаа даах чадалтай зөв хүн болж төлөвшвөл танд ч, Монгол оронд маань ч их тустай байхсан гэж бодох юм. Учир нь "бүтээмж" сайтай "бүтээгдэхүүн" болох боломжоор хамгийн сайн хангагдаж буй тэр хэсгийн хувь заяа, хойч ирээдүй нь эрхэм бизнесчүүд та бүхний гарт буйг сануулахад илүүдэхгүй байх.

Доор дурьдсан зөвлөгөөг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх ч ийм шаардлага хангахгүй бол "хөрөнгө оруулалтын үр ашиг" муу байх болно гэдгийг хүүхдүүддээ сайн ойлгуулах, тэдний өмнө дэлгэн тавихад хэрэг болж мэдэх тул сийрүүлэв. Таны хүүхэд хэний ч өмнө "нүүр бардам" явахын тулд наад зах нь доорхи чиглэлүүдээр мэдлэг, чадвар эзэмшсэн байх шаардлагатай.

1. Харилцааны чадвар
- Эх хэлээрээ зөв ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлэн ойлгуулж чаддаг, утга зүй, найруулга зүй, зөв бичих ёсонд суралцсан байх
- Харилцааны соёлд суралцсан, хүндэтгэх, хамтран ажиллах, нөхөрлөх ёсыг мэддэг байх
- Мэдээллийн эх үүсвэрүүдээс хайлт хийх, мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ашиглах, түгээх, илгээх чадвартай байх
- Нэгээс дээш гадаад хэл сонгон суралцаж тухайн хэлээрээ сайтар ойлгож, ярьж, бичиж чаддаг байх.

2. Түүх соёл, зан заншлын мэдлэг
- Өөрийн орны түүхийг гадны хүнд тайлбарлаад ойлгуулчих дайны мэдлэг, чадвартай байх
- Монгол зан заншил, ёс уламжлалын талаар бүрэн цэгцтэй мэдлэг олж авсан байх
- Хүн төрөлхтний нийтлэг түүхийг уншиж судалсан, харьцуулах чадвартай байх
Хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой байх.

3. Биеэ авч явах соёл
- Хувийн соёлд суралцсан байх, хувцаслалтын талаар мэдлэгтэй байх
- Нийгмийн үнэ цэнэ, ёс суртахуун, зан суртахуун, гоо зүйн талаар цэгцтэй ойлголттой байх
- Эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, өвчлөлийн талаар мэдлэгтэй байх, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар, дадлыг эзэмшсэн байх
- Хайр сэтгэл, бэлгийн харьцаа, гэр бүл, түүний нийгмийн үүрэг, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай мэдлэгтэй байх.

4. Ерөнхий мэдлэг
- Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох
- Компьютер, цахим төхөөрөмжүүд, ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг байх
- Хүнсний болон барааны зүйлийн тэмдэгт заавар, техникийн болон барилгын зураглалыг уншиж, ойлгож, ашиглах чадвартай байх
- Химийн бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.

5. Эдийн засгийн мэдлэг
- Аливаад логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших
- Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, татвар, хураамж, үнэ ханш, төсөв, төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.

6. Хууль эрх зүйн мэдлэг
- Хүний эрхийн түгээмэл ойлголтуудыг мэддэг, сахидаг, хүндэтгэдэг байх
- Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудаас өөрт хэрэгтэйг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх
- Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, халамжийн суурь ойлголтуудыг авсан байх
- Эрх зүйн хэм хэмжээг дагах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх,

7. Экологийн мэдлэг
- Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир
- Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг
- Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.

Та дээрхи жагсаалт дээр өөрийн мэдэх, өөрт чухал санагдах чиглэлүүдийг нэмж байгаад санаандаа таарсан "бараа" нийлүүлэхийг багш нараас нь шаардах, боломж, бололцоо олгож байгааг хянах, дадлага чадвар эзэмшүүлэхэд хамтран ажиллах боломжтой юм.

Өөр нэг анхаарах шаардлагатай зүйл бол чөлөөт цаг. Уг нь ч юуных нь "чөлөөт" байхав дээ, бид л буруу яриад сурчихсан болохоос хичээлийн гадуурхи "нэмэлт боломж" юм шүү дээ. Үүнийг хэрхэн ашиглаж байгааг анхаарахгүй байж болохгүй. Сургууль багш нар бүгдийг өгч чадахгүй. Тиймээс л хүсэл сонирхолд нь нийцсэн, өөрийгөө хөгжүүлэх, авъяасаа тордох, ур чадвар олж авахад чиглэсэн тэр зүйлд "нэмэлт боломж"-оо ашиглахыг нь чиглүүлж, дэмжих үүрэгтэй.

Таны хүүхэд, ер нь хэний ч хүүхэд нийгмийн хамгийн үнэт баялаг шүү дээ. Тиймээс өөрийн хүүхэддээ энэ мэт "зөв" жимээр явах боломж бололцоог олгоод цаана нь боломж байвал бусдын "үнэт баялаг"-т дэм тус болвол бүүр ч сайнсан. Бид дэлхийд үнэлэгдэх ур чадвартай, зөв залуучуудад Монголын хөгжлийн ирээдүйг даатгах ёстой. Тэднийгээ өөрсдөө бэлдэнэ гэдгээ ч умартаж болохгүй.

No comments:

Post a Comment