Нэг хүн дэлгүүрийн үзмэрийн цонхоор удаан гэгч нь харж байснаа хажуугийн цэцэрлэгт тоглож байсан хүүхдүүдийн хамгийн ядуу хувцас муутайд нь хандан “ хөөе жаал аа надад туслаач” гэж дуудав.
Тэр хүү амралтын өдөр бүр бөглөөддөг боловч энэ өдөр анх удаа хожсон байлаа. Хүү долоо найм орчим настай бөгөөд, өмссөн хувцас нь нэлээд элэгдэж мууджээ. Нөгөө хүн хүүгийн толгойг илээд, энэ цонхон дээр байгаа хувцасыг өмсөөдхөөч чамд таарах нь уу гэжээ. Хүү эхлээд чихэндээ ч итгэлгүй, тоглож байгаа байх гэж бодсон ч тэр хүн үнэн сэтгэлээсээ хэлж байх шиг санагдав.
Жаалхүүг дэлгүүрт ороход зүүдэлж байгаа мэт санагдан, өнөөг хүртэл шинэ хувцас өмсөж үзэж байсан эсэхээ бодлоо. Ах нарынх нь өвдөг нь цоорч нөхөөс болсон хувцас, эсвэл хөршийнх нь өгсөн хуучин хувцасыг өмсдөг байжээ.
Гэвч хүнд өвчтэй аав нь хэр их хөдөлмөрлөж мөнгө олдогийг ойлгодог учир хэзээ ч дургүйцэж байсангүй. Харин анх удаа шинэ хувцастай болох нь дээрээс нь баяр болоход 3 хоног үлдсэн байлаа. Хүү нөгөө хүний үзүүлсэн хувцасыг өмсөж үзээд том болсноо анх удаа анзаарчээ. Судалтай хилэн өмд нь хөл нь урт болсныг харуулж, шинэ хүрэм мөрийг нь өргөн харагдуулж байлаа. Хүү түрүүхэн хожсон зурагтай бөглөөгөө хүрэмнийхээ халаасанд лавхан хийв. Халаас нь гүнзгий тул тавиад бөглөө хийсэн ч болох байлаа. Нөгөө хүн хүүг баруун зүүн тийш нь эргүүлж тойруулж харснаа хувцаснуудыг боож өгөхийг худалдагчаас хүсэв.
Тэгээд худалдагчид хандан энэ хувцаснуудыг ач хүүдээ авч байгаа юм. Түүнд гэнэтийн бэлэг өгөхийг хүсч байна гэв. Энэ хүүтэй биеэр ойролцоо л доо гэж хэлэх нь тэр.
Хүү түүний хэлэхийг сонсоод ямар их гомдож байгаагаа хэлмээр санагдсан ч дуугүй л байлаа. Толинд сүүлийн удаа хараад, булан руу шидсэн хуучин хувцасаа өмсөж эхлэв. Тэр хүн энэ хувцаснууд ачид нь таарна гэдэгт эргэлзэхгүй байв. Тэгээд хүүд “ шан” өгөх гэсэн боловч аль хэдийн алга болжээ. Нөгөө хүн хүүг хувцас өмсөхөөс залхаад яваад өгч гэж боджээ.
Хүү найз нар дээрээ очоод зүгээр л хараад суугаад байв. Хичнээн их ятгасан ч тоглохыг хүссэнгүй. Найз нар нь чи яагаад тоглохгүй байгаа юм бэ? Хамгийн гоё бөглөөг нь хожоо биз дээ гэцгээж байлаа.
Хүү сувдан дусал цийлэгнэсэн нүдээ хүүхдүүдэд харуулахгүйг хичээнгээ заавал шинэ хувцас өмсдөг баян хүн болохоо өөртөө амлав.
No comments:
Post a Comment